UVS

Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог, 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1267 км. Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-ын Тува улстай 575км газар нутгаар хиллэн оршдог. ОХУ-ын Тува улсын Кызыл хотоос 436км зайтай, БНХакаси улсын Абакан хотоос -690км, БНАлтай улсын Горно-Алтайск хотоос 800км, Алтайн хязгаарын Барнаул хотоос 1040км, Новосибирск хотоос 1230км зайтай оршдог. Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 758.9 метрт буй Увс нуурын ай савын дархан цаазат газар бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4250 метрт өргөгдсөн Цагаан дэглий оргил юм. Далайн түвшнээс 2400-4126 м өндөр мөнх цаст сүрлэг уулс, 9200 ам дөрвөлжин км талбай бүхий элсэн манхан, Увс, Хяргас, Айраг, Ачит, Үүрэг, Дөрөө зэрэг томоохон нуурууд, Тэс, Ховд, Хархираа, Түргэн, Хангилцаг, Туруун Завхан зэрэг том голууд нь Увс аймгийн байгалийн үзэсгэлэнг цогцлоон бүрдүүлнэ. Их нууруудын хотгор, Алтайн салбар уулсын бүсэд орших тул эрс тэс эх газрын уур амьсгалтай. Зун 7 сард +40-50 хэм халж, өвөл 01 сард -40, -50 хэм хүртэл хүйтэрдэг.