Баян өлгий:

Баруун талаараа  Алтайн нурууны  хяр дагаж БНХАУ-ын  Шинжаан-Уйгарын Өөртөө засах оронтой  450 км, хойт талаараа  Сийлхэмийн нуруу  дагаж ОХУ-ын  Алтайн Бүгд Найрамдах Улстай  225 км, зүүн талаараа  Увс  аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа  Ховд  аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1301-4374 метрт оршино, нутаг дэвсгэрийн 95,3% нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох  Таван Богд  уулын  Хүйтэн оргил  (4374 м) ба хамгийн нам цэг нь  Баяннуур сумын  төв (1301 м) юм. Аймгийн нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын  эрс тэс уур амьсгалтай . Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна. Өөрөөр хэлбэл  говь , цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хүрдэг.