Тээвэрлэлтийн гэрээний нөхцөл

ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ

1.Тээвэрлэгч нь зорчигч болон тээшийг цаг хугацаанд тээвэрлэх талаар өөрөөсөө хамаарах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд тээвэрлэгч урьдчилан мэдэгдэхгүйгээр зорчигчдыг өөр тээвэрлэгчид шилжүүлэх, онгоц солих, тийзэнд заагдсан хүрэх буудлыг өөрчлөх буюу хүчингүй болгох мөн нислэгийн хуваарийг зорчигчдод урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөх эрхтэй.

2.Олон улс болон Орон нутгийн тээвэрлэлтийн явцад тээш эвдэрч, гэмтсэн,  болон дутсан тохиолдолд зорчигч нь учирсан хохирлыг илрүүлсэн даруйд буюу тээшээ хүлээн авснаас хойш 48 цагын дотор тээвэрлэгчид гомдлоо бичгээр гаргах ёстой. Тээш нь саатсан тохиолдолд тээшийг эзэнд нь олгосон өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй.

3.Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс тээвэрлэгч нь тухайн аялалд бүртгэх тээшний хэмжээг хязгаарлах эрхтэй.

4.Зорчигч нь тээвэрлэгч болон тээвэрлэгчийн төлөөлөгчийн талаар гомдол, нэхэмжлэлийг тухайн нислэгээс хойш 72 цагын дотор бичгээр  гаргах эрхтэй.

5.Цаг уурын давшгүй хүчин зүйл болох хүчтэй салхи, шуурга, аадар бороо, цасан шуурга, манан гэх мэт хүчин зүйлээс шалтгаалан үзэгдэх орчин муу үед хуваарьт нислэг саатах, хойшлох, цуцлах тохиолдолд тээвэрлэгч нь дамжин нислэгт хариуцлага хүлээхгүй болно.

6.Тийз буцаалт нь тухайн зорчигчийн тийзний ангилалаас хамаарч харилцан адилгүй байх ба тийзний өөрчлөлт оруулах зөвшөөрөгдсөн хугацаа хэтэрсэн тохиолдолд буцаах боломжгүй.

7.Зорчигчийн амь нас, эрүүл мэндийг тээвэрлэгчийн хариуцлагын даатгалаар зохицуулна. Хэрэв зорчигчийн өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалсан зорчигчын амь нас, эрүүл мэнд, ачаа тээшинд хохирол учирсан тохиолдолд тээвэрлэгч хариуцахгүй.

8.хэт овортой болон хэт дүүргэж багласан тээш , хэт хуучин эсвэл чанар муутай чемоданы дугуй зэрэг хэсэг нь салсан, их бие болон бусад хэсгүүд гэмтэж зурагдсан, хонхойсон, бохирдсон зэрэгт тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 7010-3030 утсаар лавлана уу.

9.Тийзний өөрчлөлт оруулахад зөвшөөрөгдөх хугацаанд багтан нислэгийн цагаас дор хаяж 24 цагийн өмнө өдөр солиулах боломжтой. Энэ тохиолдолд тийзний ангилалын өөрчлөлтийн зөрүү төлбөр нэмэгдэнэ.

10.Тийзний өөрчлөлт оруулахад зөвшөөрөгдсөн хугацаанд багтан хүсэлт гаргасан тохиолдолд зохих хэмжээний нэмэлт төлбөртэйгээр зорчигчийн нэрийг өөрчлүүлж болно.

11.Нэр өөрчлөлт нь тухайн зорчигчийн нэр дээр захиалагдсан бүх нислэгт хамаарна.

12.Тээвэрлэгч болон зорчигч нь тийзний чиглэл өөрчлөх эрхгүй.

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

Та олон улсын аялалын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж  байна.

Үндсэн тарифаар  бичигдсэн зорчигчийн тийз болон хөнгөлөлттэй  буюу тусгай тарифаар бичигдсэн тийзийн хүчинтэй хугацаа тухайн тарифын нөхцөлд заасан журмаар хязгаарлагдана.

Хэрэв  зорчигч нь /групп зорчигчид нэгэн адил/ аялал эхлэхээс 24 цагийн өмнө тийзээ буцаахыг хүссэн тохиолдолд уг тийзний нөхцөлийн дагуу зохих хэмжээний үйлчилгээний  торгууль төлнө.

Зорчигч нь  тогтоосон хугацаанаас өмнө нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирж чадаагүйгээс эсвэл шаардлага хангаагүй баримт бичигтэй ирснээс шалтгаалан суудал хоосон явуулсан тохиолдолд тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй.

Зорчигч нь олон улс болон орон нутгийн нислэгт 15 хүртэл кг тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох  хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.

Зорчигч нь биедээ 5 кг-аас хэтрэхгүй тээшийг авч явах эрхтэй бөгөөд өөрийн тээшний бүрэн бүтэн байдлыг хариуцана. Гар тээшний  3 талын хэмжээсийн нийлбэр нь 110 см-ээс хэтэрч болохгүй.

ХОРИГЛОХ АЧАА

Агаараар тээвэрлэх үед  өөрийн шинж чанараараа хүний эрүүл мэнд, эд хөрөнгө болон нислэгийн аюулгүй байдалд үлэмж хор хүргэж болох биет зүйл болон бодисыг аюултай ачаа гэх ба эдгээр аюултай ачааг Аэро Монголиа компанийн агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглоно. Та аялалд гарахын өмнө хориотой болон хязгаарлагдсан эд зүйлсийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцаарай.

Тэсрэх бодис – төрөл бүрийн тэсрэх бодис, салют гэх мэт,

Шахмал хий – баллонтой хүчилтөрөгч, бутан гэх мэт,

Шатамхай шингэн болон хатуу бодис – бензин, ацетон, асаагуурын шингэн, аяны шүдэнз, будаг, аялалын зуух гэх мэт

Цацраг идэвхит бодис – цацраг идэвхит бодис агуулсан түүхий эд, эмнэлгийн болон үйлдвэрийн зориулалттай бодис

Халдварт болон хорт бодис – шавьжны хор, эд эрхтэн, шинжилгээний дээж  гэх мэт,

Исэлдүүлэгч бодис – устөрөгчийн хэт исэл агуулсан цайруулагч нунтаг гэх мэт

Бусад аюултай бодис, эд зүйлс – соронзон материал, хуурай мөс гэх мэт