Агаараар зорчих, нислэгийн үед эрүүл мэндийн шалтгаанаас дамнуургатай зорчих шаардлагатай зорчигчийг дамнуургатай зорчигч STCR /Stretcher passenger/ гэнэ. Эдгээр зорчигчдод тавигдах шаардлагууд:
Суудал захиалга: Дамнуургатай зорчигч нь нислэг эхлэхээс наад зах нь 3 хоногийн өмнө суудлаа захиалсан байна. Билет борлуулах төв болон олон улс ба орон нутгийн төлөөлөгчид нь тээвэр зорчигч үйлчилгээний хэсэг, инженер техникийн хэлтэс, нислэг үйлдвэрлэлийн хэлтэст мэдэгдэн зөвлөлдөж суудлыг урьдчилан баталгаажуулна.
Суудал хуваарилалт:
- Ямар ч тохиолдолд ослын хаалганы ойролцоо дамнуурга бэхлэхийг хатуу хориглоно.
- Ийм зорчигчийг бусад зорчигчдыг суухаас өмнө суулгадаг тул билет олгохдоо энэ тухай мэдэгдсэн байна.
- Уг зорчигчийг буулгахдаа бусад зорчигчид онгоцноос буусны дараа буулгана.
- Тооны хязгаарлалт: Нэг аяллаар зөвхөн нэг л дамнуургатай зорчигч тээвэрлэнэ.
Дамнуургатай зорчигчийг тээвэрлэлтээс татгалзах нөхцөл:
· Зорчигчийн урсгал их буюу суудал захиалга 75%-аас их байгаа тохиолдолд дамнуургатай зорчигчийн захиалгыг хүлээн авахгүй.
· Нислэгийн үед хүчилтөрөгч байнга шаардлагатай дамнуургатай зорчигчийг тээвэрлэхээс татгалзана.
Дагалдагч:
· Дамнуургатай зорчигчийг нислэгийн үед харж хандаж,түүнд туслалцаа үзүүлж байх нэг эмч эсвэл сувилагч дагалдан явах ёстой.
· Дамнуургатай зорчигчийн биеийн байдалд нислэг үргэлжлэх хугацаанд эмчилгээ хийгдэх шаардлагагүй гэж үзсэн мэргэжлийн эмчийн магадлагаатай бол нэг асран хамгаалагч хүний хамт тээвэрлэж болно.
Тариф: Дамнуургатай зорчигчийн тээвэрлэлтийн хөлсийг зорчигчийн эзэлсэн суудлын тоогоор үржүүлэн тооцох ба эдгээр суудлын тоогоор зохих тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэхийг зөвшөөрнө.
Дамнуурга бэхлэх: Өвчтөн зорчигч тээвэрлэх дамнуургыг агаарын хөлөгт инженер техникийн хэлтсээс бэхэлсэн байна. Дамнуурга бэхлэх зааврыг инженер техникийн хэлтсийн ‘’JC-AM25-131106’’ гэсэн заавраас тодруулж болно. Ослын хаалганы ойролцоо дамнуурга бэхлэхийг хатуу хориглоно.
Бүртгэлийн үед: Тухайн аялалд дамнуургатай зорчигч явах бол тээвэр зорчигч үйлчилгээний тухайн өдрийн ээлжийн ахлагч, олон улс ба орон нутгийн төлөөлөгч нь бүртгэл эхлэхээс өмнө инженер техникийн хэлтэстэй зөвлөлдөн дамнуурга бэхлэгдэх болон дагалдан яваа хүмүүсийн суудлыг тодруулан хадгална.
Олон улсын нислэгт дамнуургатай зорчигч явах бол тээвэр зорчигч үйлчилгээний ажилтан нь хил, гааль, хорио цээрийн албаны ээлжийн ахлагч, онгоцны дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгч нарт урьдчилан мэдэгдэж хил нэвтрэх болон аюулгүй байдлын үзлэг шалгалт хийх явцыг урьдчилан тохирсон байна.
Өвчтөн зорчигчийг бүртгэхдээ бичиг баримтыг бусад энгийн зорчигчдын адил шалгах ба бусад зорчигчдыг суухаас өмнө суулгана.
Онгоц хөөрсний дараа тээвэр зорчигч үйлчилгээний ажилтан нь дамнуургатай зорчигчийн тухай мэдээллийг очих газрын төлөөлөгч болон аялал бүрдүүлэгчид заавал мэдэгдэнэ.






